Учир нь олдохгүй төвөгтэй асуудал дунд гацах, ядрах, ганцаардах, өвдөх, шаналах, гомдох, хоосрох зэрэг маш олон төрлийн сэтгэл хөдлөлийг хүний бие мэдэрнэ. Өвдөж буй зүйл нь сэтгэл атлаа нуруу өвдөх, нүд чилж хуурайших, толгой хүндрэх зэрэг байдлаар бие хөндүүрлэнэ. Энэ хүртэлх амьдралдаа хийсэн сонголтдоо, гаргасан шийдвэртээ харамсдаггүй ээ гэж хүмүүс хэлдэг. Гэвч жинхнээсээ тийм болов уу. Дахиад амьдарвал энэ л амьдралаа эргэлзэлгүй дахин сонгох зориг тэгж хэлдэг хүмүүст байх болов уу?

"Харамсаж байна" гэж өнгөрсөн бүхнийг үгүйсгэх хүчтэй хамгийн муухай, гомдмоор хатуу үг. Гэлээ ч надад харамслын талаарх жинхэнэ бодлууд, эргэцүүллийг өгсөн үг бас шарх байлаа.

Би яагаад энэ үгийг үдэш болохоор л бодоод байна вэ, тэр юунд харамссан бэ? Аан тийн, үүний хариултыг бодох хэрэггүй нээрэн хэлсэн шүү дээ надад.

Тэгвэл хүн яагаад харамсдаг вэ? — Сонгосон шийдвэртээ, гаргасан үйлдэлдээ юу? Эсвэл хийгээгүй зүйлдээ юу?

Харамсал бидэнд ямар мэдрэмжүүдтэй хамт ирдэг билээ? — Өөрийгөө шүүж зэмлэх, арай эрүүл нь шүүн тунгаах, цаашлаад угтаа бол илүү сайханд тэмүүлэх хүслээс ирдэг зүйл юм шиг ээ.

Харамслаас ямар хүчийг олж авах вэ? — Одоогоор мэдэхгүй байна. Харамслаар харилцааг төгсгөх гунигтай. Гомдсон сэтгэл илүү хатуу болдог юм билээ. Тэгэхээр хатуужлыг олж авах боломжтой ч юм уу, бас тэвчих хүчийг.

Өнгөрснийг бид өөрчлөх боломжгүй ч өнгөрснийг дүгнэх өнцөг, хандах хандлагаа өөрчлөх боломжтой билээ. Ядаж өөрсдөдөө өнгөрсөнд жаргалтай үлдэх эрхийг үлдээх хэрэгтэй. Тэнд бид "амьдарч" байгаа.

Хэн хүнтэй ярина гэдэг

Хэрэг дээрээ тулалдаан юм.

Халуун хүйтэн ямар ч зэвсгээс

Хатуу зөөлөн үг хүчтэй. Р.Ч Үг шүлгээс.

None

2026.02.24 01:16.